МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН УЛСЫН 53 ДУГААР ОЛИМПИАД ЭХЭЛЛЭЭ

Монгол хэл бичгийн улсын 53 дугаар олимпиад өнөөдөр манай аймагт эхэлж байна.

1969 оноос эхлэлтэй Монгол хэл бичгийн улсын 53 дугаар олимпиадыг Орхон аймаг гурав дахь удаагаа орон нутагтаа зохион байгуулж байгаа нь энэ юм.

Олимпиадын нээлтийн арга хэмжээ аймгийн Хүүхэд залуучуудын театрт боллоо. 

Энэ жилийн олимпиадад 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс 30 сурагч, 60 багш оролцож байна. 

Зохион байгуулагч Орхон аймгийн санаачилгаар бага ангийн багшин төрлийг нэмсэн нь өмнөх олимпиадуудаас онцлогтой.

Аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал олимпиадыг нээж хэлсэн үгэндээ “Орон нутгийн хурал, захиргааны байгууллагын зүгээс хүний хөгжлийг тэргүүнд тавьсан олон талт бодлого, хөтөлбөрүүдийг батлан хэрэгжүүлж байна. Эдгээр бодлого, хөтөлбөрийн хүрээнд улсын төрөлжсөн олимпиадад аймгаа төлөөлөн оролцох багш, сурагчдыг бүх талаар дэмжиж, амжилт гаргасан багш, сурагчдыг мөнгөн шагналаар шагнаж урамшуулах ажлыг жил бүр тогтмол зохион байгуулж байна” гэлээ. 

Мөн тэрээр, Монгол үндэстний дархлаа болсон Монгол хэл бичгийг сонгон өөрийн мэргэжлээ болгосон эрхэм хүндэт багш нар, үндэсний хэл, соёлоо сонирхон судлагч сурагчдад амжилт хүсэв.  

Орхон аймаг   өнгөрсөн хугацаанд “Монгол хэл бичгийн улсын 49 дүгээр олимпиад”, “Химийн улсын 29 дүгээр олимпиад”, “Газар зүйн улсын 25 дугаар олимпиад”, “Нийгмийн ухааны улсын 24 дүгээр олимпиад”, “Биологийн хичээлийн улсын 33 дугаар олимпиад”-ыг орон нутагтаа амжилттай зохион байгуулсан. 

Орон нутгийн хэмжээнд Монгол хэлний хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хос бичигт шилжих ажлыг эрчимжүүлэх, монгол хэл, бичгийн хичээлийн сургалтын чанар, багш нарын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор  улсын 53 дугаар олимпиадыг ийн гурав дахь удаагаа зохион байгуулж байна.

Олимпиадыг Орхон аймаг, Эрдэнэт хотод зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран Боловсрол, шинжлэх ухааны яам, Монгол улсын Их сургууль, Монгол хэл, бичгийн улсын олимпиадын дэд хорооны баг ажиллаж байна.

Мэдээллийн төв